Засгийн газрын 2003 оны 258 дугаар тогтоолын хавсралт

ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМ, ТҮҮНИЙГ АШИГЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БҮРТГЭХ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Монгол Улсад шинжилгээ, судалгааны үр дүнд бий болгосон болон хил дамжуулан оруулж ирсэн хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг улсын хэмжээнд бүртгэх, хяналт шинжилгээ хийхэд энэ журмыг дагаж мөрдөнө.

2. Хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Биоаюулгүй байдлын асуудлыг зохицуулах үндэсний хороо /цаашид "хороо" гэх/ бүртгэж, хяналт шинжилгээ  хийнэ.

3. Энэхүү журмын 1-д заасан амьд организм, бүтээгдэхүүнийг бүртгэх, хяналт шинжилгээ хийхдээ Монгол Улсын нэгдэн орсон Биологийн төрөл зүйлийг хамгаалах тухай Конвенци, Биоаюулгүй байдлын Картагений Протокол болон холбогдох бусад гэрээ, хэлэлцээрийг  мөрдөх үүрэгтэй.

 

Хоёр. Хувиргасан   амьд  организм, түүнийг  ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгэх

4. Аж ахуйн нэгж, байгууллага  нь Монгол Улсад шинжилгээ, судалгааны үр дүнд бий болгосон болон хил дамжуулан оруулж ирсэн хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд заавал бүртгүүлнэ.

5. Монгол Улсад шинжилгээ, судалгааны үр дүнд бий болгосон болон хил дамжуулан оруулж  ирсэн хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бүртгүүлэхдээ аж ахуйн нэгж, байгууллага нь энэ тухай хүсэлт гаргана. Хүсэлтэд дор дурдсан зүйлийг тодорхой тусгасан, эсхүл хавсаргасан байна:

5.1. хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргагч аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн болон регистрийн дугаар, иргэний овог, нэр, регистрийн болон иргэний үнэмлэхийн дугаар, утас;

5.2. хувиргасан амьд организмын болон түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр;

5.3. генийн өөрчлөлт, хэрэглэсэн арга техник, түүний үр дүнд үүссэн хувиргасан амьд  организмын шинж чанарын талаархи тодорхойлолт;

5.4. хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тодорхойлох онцлог шинж тэмдэг;

5.5. хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний биоаюулгүй байдлын асуудлыг зохицуулахтай холбогдуулан эх ба хүлээн авагч /донор/ организмын ангилал зүйн статус, түгээмэл нэр, гаргаж авсан газрын нэр, тодорхойлолт;

5.6. хувиргасан амьд  организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хүлээн авагч,  эх организмын генийн олон янз байдлын эх  сурвалж, гарал үүсэл, организмын амьдарч чадах буюу үржих орчин нөхцөлийн тухай мэдээлэл;

5.7. хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд Биоаюулгүй байдлын Картагений Протоколын Ш хавсралтын дагуу хийгдсэн эрсдэлийн үнэлгээний тайлан;

5.8. хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх зориулалтын тухай мэдээлэл;

5.9. хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй аюулгүй ажиллах, тэдгээрийг хадгалах, тээвэрлэх, хэрэглэх аргууд, баглаж боох, бичиг баримт бүрдүүлэх, шошго хадах, устган ариутгаж аюулгүй болгох, ослын үед авах арга хэмжээтэй холбогдсон дүрэм, заавар.

6. Хороо нь улсын бүртгэлд бүртгүүлэх тухай аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн аваад эрсдэлийн үнэлгээ хийсэн эсэхэд дүгнэлт гаргуулна. Дүгнэлт гаргах шинжээчдийг хороо томилно. Дүгнэлтийг үндэслэн хороо шийдвэр гаргаж, ажлын 5 хоногт багтаан хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгэж, бүртгэлийн гэрчилгээ олгоно.

7. Хувиргасан амьд организм,түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний улсын бүртгэлийн гэрчилгээ нь дараахь бичвэртэй байна:

7.1. улсын бүртгэлийн дугаар;

7.2. хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тухай мэдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэр, бүртгүүлсэн он, сар,  өдөр;

7.3. хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр;

7.4. бүртгэж, гэрчилгээ олгосон байгууллага, ажилтны албан тушаал,  овог нэр, гарын үсэг.

8. Гэрчилгээ нь түүнийг  олгосон байгууллагын тамга /тэмдэг/-аар баталгаажсан байна.

9. Хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг Байгаль орчны сайд батална. Гэрчилгээ  хэвлүүлэх зардлыг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлнэ.

10. Хороо нь "Хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгдсэн бүртгэл"-ийг энэ журмын 5-д заасны дагуу хөтөлнө.

 

Гурав. Хувиргасан  амьд  организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд хяналт шинжилгээ хийх

11. Аж ахуйн нэгж, байгууллага нь Монгол Улсад шинжилгээ, судалгааны үр дүнд бий болгосон болон хил дамжуулан оруулж  ирсэн хувиргасан амьд организм,  түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээг үндэслэн биоаюулгүй байдлын удирдамж боловсруулж, батлуулна. Удирдамжид тухайн организм, бүтээгдэхүүний эрсдэлийг арилгах үйл ажиллагааны менежментийн асуудлыг тусгана. Удирдамжийг хорооны дарга батална.

 12. Монгол Улсад шинжилгээ, судалгааны үр дүнд бий болгосон болон хил дамжуулан оруулж  ирсэн эрсдэлтэй байж болзошгүй хувиргасан амьд  организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд батлагдсан удирдамжийн дагуу эрсдэлийг арилгах үйл ажиллагааны менежментийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийнэ. Хяналт шинжилгээ хийх этгээдийг хороо тогтооно.

13. Аж ахуйн нэгж, байгууллага нь хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхийн өмнө энэ талаар хороонд мэдээлж, хяналт шинжилгээ хийлгэх үүрэгтэй.

14. Аж ахуйн нэгж, байгууллага нь хяналт шинжилгээ хийх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, тэдгээрийг ашиглах, эргэлтэд оруулах, худалдах, хадгалах, устгах, түүнчлэн тэдгээрээс генийн инженерчлэлийн аргаар бусад бүтээгдэхүүн боловсруулан гаргах, эсхүл гаргаж авсан зэрэг амьд организмын биоаюулгүй байдлыг хангахтай холбогдсон бүх мэдээллийг хороонд өгөх үүрэгтэй.

 

 

 

---оОо---